Wednesday, December 22, 2010

Сургамжит үлгэр: Хоёр залуу заяаныхаа ханийг хэрхэн сонгосон тухай

Хоёр залуу, хоёр бүсгүйд заяаны хань болохыг санал болгожээ. Нэг нь хэлжээ:

- Би, заяаны хань минь болохыг зөвшөөрч, хүнд хэцүү амьдралын минь замыг хамтдаа туулах нэгэнд өөрийн зүрхээ л өгч чадна гэхэд, Нөгөөх нь:

- Би заяаныхаа ханьдаа амьдралын баяр баясгаланг хуваалцах гайхалтай, том ордон санал болгоё гэв. Хоёр бүсгүйн нэг нь хэсэг бодлогоширсны эцэст:

- Залуу минь чиний санал болгож байгаа зүрх чинь миний хувьд дэндүү давчуу юм. Зүрх чинь миний гарын алганд л багтана шүү дээ. Гэтэл би аз жаргалын авчрах гэрэл гэгээ, уужим тэнүүн мэдрэмжийг дотор нь орж мэдрэхийг хүсэж байна. Иймд би ордныг сонголоо, ордон дотор давчуу, уйтгартай байхгүй байх гэж найдаж байна. Ордон дотор саруулхан, уужим байх юм чинь аз жаргалаар мөн дүүрэн байх бизээ гэв.

Ордон санал болгосон залуу бүсгүйг гараас нь хөтлөн “Чиний гоо үзэсгэлэн, гайхамшигтай орд харштай минь эн тэнцэнэ” гээд дагуулж одлоо. Хоёр дахь бүсгүй зүрхээ санал болгосон залуугийн гараас хөтлөөд:

- Энэ ертөнцөд хүний зүрхнээс илүү дулаан, ая тухтай орд гэж үгүй. Хэмжээгээрээ түүнтэй дүйцэх том ордон гэж үгүй гээд өөрийн аз жаргалаа хуваалцахыг хүссэн хүнээ даган хүнд бэрх замыг туулахаар уул руу зүглэлээ.

Амьдралын зам бэрхшээлээр дүүрэн байлаа. Олон ч саад бэрхшээл, зовлонг тэд даван туулжээ. Гэсэн хэдий ч бүсгүй хайртынхаа зүрхнээс халуун дуулаан, амар амгаланг үргэлж мэдрэх тул үргэлж л аз жаргалтай байжээ. Жижигхэн зүрх бүсгүйд давчуу мэт санагдаж байсангүй. Учир нь Хайраар гэрэлтсэн тэр зүрх амьд бүхнийг багтаах агуу их ордон байлаа.

Замынхаа эцэст тэд үүлний цаана сүүмэлзэх оргил дээр гарчээ. Тэд тэнд гайхалтай тод гэрлийг олж харан, ер бусын дулаан, бүхнийг бүрхэх Хайрыг мэдрээд хүн аз жаргалыг эрэх эрлийн замаа Зүрхнийхээ дуудлагаар туулсан бол ямарваа аз жаргалтай байдгийг ойлгожээ.



Баян тансаг ордныг сонгосон үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлийг төд удалгүй ордны гэрэл гэгээ, уужим байдал хөглөхөө больжээ. Тэрээр ордон хэдий том ч хил хязгаартай гэдгийг ойлгож. Бүсгүйд ордон амьсгалах, дуулахад хэцүү алтан тор шиг л санагдах болжээ. Бүсгүй цонхоор шагайж, хана, багана хооронд хичнээн гүйгээд ч гарах гарцаа олж чадахгүй байв. Бүх зүйл түүнд дарамттай санагдаж, сэтгэлийг нь гонсойлгоно. Гэтэл тэр цонхны цаана гарт баригдахгүй, гайхалтай сайхан нэгэн зүйл байх ажээ. Цонхны цаана байгаа тэр гайхам, зах хязгааргүй, гэрэлтсэн тэр оршихуйг ордны гял цал бүхэнтэй зүйрлэхийн аргагүй. Үзэсгэлэнт бүсгүй тэртээ алсад орших тэр аз жаргалыг хэзээ ч мэдрэхгүй болохоо мэджээ. Тэрээр тэртээх аз жаргалд хүргэх замыг хаанаас олох байснаа олйгосонгүй. Бүсгүй зүгээр л гунигт автаж, уйтгар гуниг түүний зүрхийг хар өнгөөр буджээ, удалгүй бүсгүйн зүрх цохилохоо болилоо. Үзэсгэлэнт шувуу өөрийн сонгосон алтадмал торонд уйтгар гунигт автан амьсгал хураажээ.



Хүмүүс шувуу болохоо умартжээ. Хүмүүс нисэж чаддагаа мартжээ. Хүмүүс зах хязгааргүй оршихуй буйг, тэр оршихуйд уусалгүй оршин тогтнож болохыг мартжээ.

Сонголт хийхийн өмнө мэдрэмжтэй гэхээсээ илүү тооцоотой ухаандаа найдахаас илүү зүрхээ сонсох хэрэгтэй.

Хүмүүс аз жаргалыг олохын тулд хүнд хэцүү, уртын урт замыг туулах нь хүний амьдралын утга учир гэдгийг мартжээ.

No comments:

Post a Comment