Thursday, March 1, 2012

Л.Өлзийтөгс-1

Л.Өлзийтөгс: Тунирхал

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй


Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм

Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

Л.Өлзийтөгс "Харанхуйн бороо"
Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална.

Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харангхуй бөнжигнөнө.

Л.Өлзийтөгс "Би чөлөөлөгдөхийг хүсч байна"

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна


Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна

Л.Өлзийтөгс "Гуйлт"
Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг

Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг

Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,
харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш
зүрхний минь цохилт жигдэрдэггүй

Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй

Гараад л ирэхийн зуурт чинь
мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд
зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш
амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй

No comments:

Post a Comment